Солонгосын тухай сонирхолтой баримтууд
Өмнөд Солонгосчууд Япончуудаас дутахааргүй бүтээлч сэтгэлгээтэй улс юм. Тэд мөн л олон төрлийн сонирхолтой үйлдэл хийж, өвөрмөц зүйлсийг бүтээдэг байна. Ингээд энэ улсын хачирхалтай соёл уламжлал, амьдралын хэв маягтай танилцацгаая.
1. Угаалгын өрөөний хошигнол
Угаалгын өрөөтөй холбоотой хошигнол Өмнөд Солонгос даяар нэлээд тархаад байгаа аж. Яагаад ч юм хүмүүс зөвхөн энэ талаар бодож байгаа мэт сэтгэгдэл төрнө. Жигнэмэг, гар утас зэрэг олон төрлийн зүйлс бүгд л өтгөний хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс гадна өтгөнд зориулсан музей хүртэл байдаг байна. Энэ бүхнийг Өмнөд Солонгосчууд тайлбарлахдаа “Таны амьдралын нэгээхэн хэсэг шүү дээ” -гэдэг аж.
2. Биенд нь хүрэх
Барууны оронд гар гараасаа хөтлөлцсөн эрчүүдийг шууд л ижил хүйстэн хэмээн хүлээж авдаг. Харин Өмнөд Солонгост энэ нь эсрэгээрээ байдаг байна. Ихэнхидээ л эрчүүд хоорондоо архи солилцож, нэг нэгнээ тэвэрч харагддаг аж.
3. Гоо сайхны хагалгаа
Өмнөд Солонгос нь гоо сайхны хагалгааны төв гэдгээрээ дэлхий даяар алдартай. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хагалгаа хийлгэх гэж Солонгос улсыг зорин очдог юм. Тэд багаасаа л төгс царай, зүстэй болохын мөрөөдөж хичээдэг байна. Харин мөнгөтэй айлын хүүхдүүд нүдэндээ давхраа хийлгэж өөрийн нүдний хэлбэрийг өөрчилдөг аж. Үүнээс гадна хаа сайгүй л "өмнө ба дараа" гэсэн гоо сайхны хагалгааны эмнэлэгийг сурталчилсан сурталчилгаанууд олон бий. Харин энд гоо сайхны хагалгаа хэт их дэлгэрсэнээр гэр бүл салалтын асуудал нэлээд их болжээ. Хагалгаанд орохоосоо өмнө ямар байсныг нь мэдсэнээс болж салалт ихссэн гэсэн үг юм.
4. Хайрын буудал
Солонгост олон нийтийн газар өөрийн хайрыг илэрхийлэх хориотой байдаг бөгөөд залуу хосууд гэрлэх хүртлээ ихэнхи нь эцэг эхтэйгээ амьдардаг байна. Тиймээс Өмнөд Солонгост хайрын зочид буудлууд нэлээд алдартай байдаг аж. Эдгээр бяцхан буудлын өрөөнүүд Солонгосын хаа сайгүй байдаг бөгөөд хоёулахнаа байх гайхалтай боломжийг олгодог юм.
5. K-Pop
K-Pop нь Өмнөд Солонгос даяар алдартай нэгэн хөгжмийн урсгал болжээ. Хэдийгээр олон төрлийн хөгжмийн урсгал байдаг ч Өмнөд Солонгост K-Pop илүү давамгайлдаг байна. Гишүүд нь ихэвчлэн 16-24 насны охид байдаг бөгөөд олон тооны хүмүүс тэдний тоглолтыг үзэж, шүтэн биширдэг ажээ.
6. Ажума
“Ажума” гэдэг нь ахимаг насны эмэгтэйчүүд бөгөөд тэд гудамжаар явж буй хүмүүсийг дарамталдаг байна. Өмнөд Солонгост настай хүнийг маш ихээр хүндэлдэг учир тэдний гаргаж буй ааш, авирыг ямар ч тохиолдолд уучилж, өршөөдөг аж. Жишээлбэл: тэд таныг автобусанд түлхэх, загнах, орилох зэрэг авирыг гаргаж болно. Хэдийгээр шударга бус мэт санагдаж байгаа ч үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ажээ.
7. Согтууруулах ундааны хэрэглээ
Жил ирэх тусам Өмнөд Солонгосчуудын архины хэрэглээний үзүүлэлт өндөр гарсаар байгаа ажээ. Хэрвээ хэн нэгэн таны өмнө архи тавибал түүнийг уухаас татгалзах нь тухайн хүнийг үл хүндэтгэсэн хэрэг болдог юм байна. Өмнөд Солонгосчууд "Soju"-д маш дуртай бөгөөд үүнийг будаа болон арвайгаар хийдэг билээ.
8. Ижилхэн хувцаслалт
Ижилхэн хувцаслах нь Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар нэлээд их газар аваад байгаа аж. Ихэр мэт ижилхэн хувцас өмссөн хүмүүсийг харах нь гайхах зүйл биш юм. Ялангуяа хосууд өөрийнхөө хайр сэтгэлийг илэрхийлж ижил хувцаслах нь элбэг тохиолддог бөгөөд сүүлийн үед дэлгүүрүүд ижилхэн хувцас худалдаалахыг ихээр эрмэлздэг болжээ.
9. Үгээр үнэнийг мэдэх
Өмнөд Солонгост таныг махлаг байна, муухай хувцасласан байна гэж хэлэх тохиолдол нэлээдгүй гарах болно. Хэдийгээр энэ нь бүдүүлэг хэрэг ч тэд энэ арга замаар таныг өөртөө хэр итгэлтэй байгааг шалгадаг байна.
10. Өмдгүй явах
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд маш богинохон шорт, банзал өмсдөг бөгөөд энэ нь онгоцны буудал дээр буумагц таны нүдэнд тусах болно. Бүсгүйчүүд нь шатаар буух, өгсөхдөө сонин, сэтгүүл барьж өгзгөө нуудаг байна. Харин цээжээ ил гаргаж явах нь тийм ч таатай зүйл биш ажээ. Хэрвээ нэг л эмэгтэй цээжээ ил гаргаад явж байх юм бол хүмүүс муухай харах бөгөөд "Ажума" нар заавал нэг юм хэлдэг гэнэ шүү.
Comments
Post a Comment